
Цог-Өндөр... Энэ уулын баруухантаа аавын минь мэндэлсэн өвөлжөө бий
………
Түнэл! Энэ богинохон үгийг өөртөө шивнэх бүрт миний дотоод шувуу догдлон догдлон дэвнэ.
Аавын минь “унасан” Цог-Өндөрийн булан!
Энэхэн хавийн өвс ургамал, элс шороо, өвс ургамал, эрвэн сэрвэн модод надад “Би Түнэлийнх” гэж хэлэх “эрх” өгсөн.
Аавыг минь “угаасан” Дэлгэрмөрөний дөлгөөн мандал надад нэрийг минь шивнэсэн.
Цог-Өндөрийн булангаас миний аав Түнэлийг надад “эхлүүлж” өгсөн.
Цог жавхлант энэ өндөрлөг миний Түнэлдээ нэвтэрсэн гэрэлт хаалга.
………
Гэнэн тэмүүллээ их, бага хоёр Түнэлийн хооронд дүүлэх шувуудтай хамт нисгэсэн дэврүүн тэмүүлэмтгий охин байлаа, би.
Балчир гомдлоо Хар-Усны алаг чулуудын дор нуусан чимээгүй гунигтай охин байлаа, би.
Хоёр Түнэлийг дамнасан солонго нь миний мөрөөдөл ч байв уу, эсвэл солонго миний мөрөөдөлд хувилсан уу, өвлөөр ч нүдэнд минь татаастай үзэгддэгсэн…
Он он жилийн хатуужилт нулимс - Хар-Усны чулууд гуниг минь байв уу, эсвээс тэрхүү чулууд миний гунигт хувилсан уу, зунаар уснаас нь гаргасан ч нойтон л мэдрэгддэгсэн…
Солонго хийгээд чулуудын гэрэл зүрхэнд минь тусахад гүнээс нь Түнэлийн нуруу дүнхийн үзэгдэх шиг…
Шувууд хийгээд гол мөрний анир сэтгэлд минь түгэхэд гүнээс нь түнэр нутгийн минь хөх салхин сэвэлзэх шиг…
………
Их, бага хоёр Түнэл өвлөөр цавцайн хүдэнтэж, оройгоос нь бударсан цас бяцхан сууринг минь дарж анир гүм болно.
Их, бага хоёр уул минь зунаар дүнсийн манантаж, мэлмийнээс нь унасан бороо жижигхэн сууринг минь нялхрааж амгалан болно.
Хаврын үдэш нимгэн даашинзтай санаашрангуй охид нарийн шилбээ хормойгоороо хулдан гадаа суух нь сэрүүн цэцэгс дэлбээ хумихын адил…
Намрын шөнө гэрэлт охид идэр хөвүүдийн цээжинд наалдан улаа бутран догдолж зогсох нь эмзэг цэцэгс дэлбээ нээхийн адил…
Идэрмэг тэр л хөвүүдийн гараас эрмэг түрмэг салхин исгэрэн түгж, хөндий талаар исгэрэн оддог…
Эмзэг тэр л охидын цээжнээс зөөлөн аяз урсан гараад гол мөрний түрлэг болдог…
………
Түнэлийн өвгөд их ухаан атгасан алгаа нударган дороо нууж ханхайна.
Түнэлийн уулс сүрдэм бараатай ч оргилоо моддынхоо дунд нууж хүглийнэ.
Түнэлийн эмгэд их ухаан гэрэлтсэн харцаа зовхин дороо нууж өтөлнө.
Түнэлийн гол мөрд тунгалагхан мэлтрэвч гүний гүндээ ундаргаа нууж бидэртэнэ.
Бор бор жаалууд уул усандаа дуугаа хадаан нүцгэн гүйлдэж тоглодог шиг бор бор шувууд уугуул нутгийн минь нэрээр жиргэн миний дотуур нисэлдэнэ.
Гоо сайхан гуниг, ухаарлыг би эндээс л олсон. Гоо сайхан орчлонд амьд явахын золыг би эндээс л таньсан.
………
Зүрхэн доторх наран сарны орчил дахь буйдхан суурин минь, Түнэл минь…
Зүрхэн доторх хурын дусал хийгээд салхины гүнд зүүрмэглэн дохих гэрэлт цэцэг - Түнэл минь…
2009.05.11 Улаанбаатар



Сэтгэгдэлүүд:
Блогоо ямар гоё болгочихсон юм бэ хэ хэ хэ
a small mark at the time of my passage on your very beautiful blog!
congratulations!
thanks for making us share your moments
you have a translation of my English space!
cordially from France
ё..· ´ЁЁ)) -:¦:-
ё.·´ .·´ЁЁ))
((ёё.·´ ..·´ -:¦:-
-:¦:- ((ёё.·´* ~ Chris ~ -:¦:-
http://SweetMelody.bloguez.com
Монголхүү-д Ил гаргаж бичээгүй л болохоос чиний зүрх сэтгэлд ч бас гайхамшигтай бичээс бий бхаа
nair namar nar sar yariad setgel sonin bolgodog huuhed shuu,
aaviinhaa shulgees oruulahaa yaagaad hoirgoshoov?
Аавын шүлгээс тэгж бгаад тохироо нь бүрдэхээр... хэхэ
Сэтгэгдэл үлдээх: